Ховд аймагт 3 сарын 24-с "Цаг ашиглалтын судалгаа" эхэллээ.

Нийтэлсэн: 2015 он 03 сар 26. 11 цаг 41 минут

           Үндэсний статистикийн хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Цаг ашиглалтын туршилтын судалгааг анх 2000 онд зохион байгуулсан. Монгол Улсын “Статистикийн тухай” хуулинд 2004 онд өөрчлөлт оруулсны дагуу 2007, 2011 онд улсын хэмжээнд 2 удаа бүрэн хэмжээний судалгааг зохион байгуулж, явуулсан. Хуулийн дагуу 2015 онд “Цаг ашиглалтын судалгаа”-г зохион байгуулах ажлыг ийнхүү эхэлж байна.

            “Цаг ашиглалтын судалгаа”-ны зорилго нь хүн амын хийж байгаа үйл ажиллагааг тодорхойлж, тэдгээрийг ангилан, түүнд зарцуулж буй цагийг нь хэмжихэд чиглэгддэг. Тиймээс судалгааны үндсэн үр дүн нь хүн амын амьдралын хэв маяг, түүнд гарч байгаа өөрчлөлтийг судлахад чухал ач холбогдолтой. Мөн хүн амын хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрт зарцуулсан цагийг хүйсээр гаргаж, жендэрийн талаарх тоо мэдээллийг баяжуулах боломжийг олгодгоороо давуу талтай.

            Цаг ашиглалтын судалгаа нь энэ жил Завхан, Ховд, Өвөрхангай, Баянхонгор, Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий, Дорнод аймаг, Улаанбаатар хотын нийт 4000 өрх хамрагдана. Хүмүүсийн хийж буй үйл ажиллагаа нь улирлын шинж чанартай учраас улирал бүр 1000 өрхийг судалгаанд хамруулна. Өөрөөр хэлбэл, 3, 6, 9, 12 сарын 3 дахь долоо хоногт судалгаа явагдана.

        Манай аймгийн хувьд Буянт сумын Норжинхайрхан баг, Мянгад сумын Баянбулаг баг, Жаргалант сумын Баатархайрхан болон Тахилт багууд сонгогдож судалгаа явагдаж байна.

       Цаг ашиглалтын судалгаанд сонгогдсон өрхийн 12, түүнээс дээш насны бүх хүмүүс 2 эсвэл 3 өдрийнхөө хийсэн үйл ажиллагааг 10, 10 минутаар бичиж, тэмдэглэж судалгаанд хамрагдана. Тухайн тэмдэглэлийн дагуу судалгаанд хамрагдагчийн цаг минутын зарцуулалтыг судалгааны үндсэн мэдээлэл болгодог. Иргэдийн идэвх оролцоо шаардсан ач холбогдол өндөртэй судалгаа тул хамрагдсан өрхүүд маань судалгаанд идэвхтэй оролцохыг уриалж байна. 


Сэтгэгдэл бичих

  7 хоногийн үнийн мэдээ
  /2019 оны 5-р сарын 8-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг 1400
  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 2200
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л

3000

  Бензин, А-80 1980
  Бензин, А-92 2135
  Дизелийн түлш 2515