Олон ястны нутаг


ОЛОН ЯСТНЫ ӨЛГИЙ - ХОВД ХОТ

Үхрийн бөөр шиг алаг хэрнээ

Ихрийн сэтгэлтэй ард нь сайхан

Талын цэцэг шиг ярайж байгаа

Холын цуутай Ховд нь сайхан

2012 оны Статистик мэдээгээр Ховд аймагт нийт 20046 өрх, 78449 хүн ажиллаж амьдарч байна. Уулс, туульсын Ховд нутагт өнө эртнээс нааш олон ястан түмэн хөдөлмөр бүтээлээ хоршин, эвсэг найрсаг аж төрөн амьдарсаар ирсэн уламжлалтай. “Олон ястны өлгий” хэмээн нэрийдсэн Ховд аймгийн 17 суманд алтайн урианхай, дөрвөд, захчин, мянгад, өөлд, торгууд, халх, хошууд, казах, тува зэрэг 10 гаруй угсаатны бүлгүүд аж төрж байна.

Ховд аймгийн хүн амыг бүрдүүлж буй олон ястнууд нь өөрийн гэсэн нутгийн аялгуу, зан заншил, түүх соёлын өвөрмөц онцлогтой билээ. Чингээд эдгээр угсаатны бүлгүүдийн түүхийн талаар товч өгүүлье.

Алтайн Урианхай: Алтайн урианхайчууд Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан сумдад бөөнөөр аж төрж байна.

Урианхан нь эрт цагт түүхийн тавцанд гарч ирсэн Монголын томоохон аймгийн нэг юм. Рашид-Ад-Дины “Судрын чуулган”-д өгүүлснээр, эрт цагт монгол, түрэг хоёр дайтаж, монголчууд ялагдаад, Нукуз, Хиян хоёр аймгаас эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд үлдээд Эргүнэ кун хэмээх их хавцалд зугатан очиж нутаглажээ. Тэнд 400 гаруй жил нутаглаад хүн ам нь өсөж үржээд багтахгүй болов. Чингээд сайхь хавцлыг төмрийн хүдэртэй газраар нь хөөрөгдөн хайлуулж зам гаргаад тэндээсээ гарцгаажээ. Чингэж уулыг хөөрөгдөн сэтлэхэд урианхай аймаг оролцсон ажээ. Өөрөөр хэлбэл, эргүнэ-кунгаас гарч ирсэн монгол аймгуудын дунд урианхан нар байжээ.

Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулж бүх иргэдийг мянганы тогтолцоонд оруулахад урианхай нараар дараах мянганыг байгуулсан байна. Үүнд: урианхайн Сүбэдэй баатар, Есүй Буха тайж нарт нэжгээд мянган захируулан, бас Удачи нэрт нэгэн мянган байгуулж, хамтад нь Монгол улсын зүүн жигүүрт харъяалуулжээ. Урианхайн Есүн туа-таркид нэгэн мянган өгч, баруун жигүүрт оруулснаас гадна Чингис хаан өөрийн ургийн Элжигидэйд гурван мянган өгсний нэг нь урианхай нараас голлон бүрдэж байжээ. Дээрх урианхайн мянгануудаас Удачийн мянган нь Бурхан халдун ууланд агсан их хаадын хоригийг сахин хамгаалах чухал үүрэг хүлээдэг учир цэргийн албанд явдаггүй байсан аж.

XIII зууны дунд үеийн Аригбух, Хубилай нарын тэмцлийн явцад Аригбухын мэдлийн урианхай нарын зарим нь Тагна уулын өмнө бие, Алтайн уулаар одож нутаглан, улмаар Ойрадын дотор багтдаг болсон бололтой.

Алтайд очсон тэр урианхай нар нь угтаа Бурхан Халдун (Хэнтий) уул хавиар нутагласан язгуурын Монголчуудын урианхай нарын нэг хэсэг нь гэмээр байнам. Учир нь Алтайн урианхайн ардын дуунд Зэлмийн тухай өгүүлдэг бөгөөд угсаатны бүрэлдэхүүнд нь аданх, малиг, таргуд зэрэг XII зуунаас хойш Хэнтий уулаар нутаглаж явсан зарим овог оролцсон байна. Тэд олон зуун жил Ойрадын дотор сууснаас ойрадын аман аялгуу, эдийн хийгээд оюуны соёлын нөлөөг авсан аж.

Профессор А.Очир урианхан хэмээх нэрийг урианхан нь уриа (н), хан гэсэн хоёр үгээс бүтсэн бөгөөд эхний уриа нь уриа дуудлагын уриа, хан нь эзэн гэсэн утгатай үг бололтой. Эл хоёр үг нийлээд уриан эзэн, уриан хан буюу онгодын эзэн гэсэн утга илтгэсэн байж мэднэ гэж үзсэн байна.

Манж Чин улсын дарангуйллын үед Алтайн урианхай нар засаг захиргааны зохион байгуулалтын хувьд зүүн, баруун хоёр гарт хуваагдан 7 хошуу, 27 сумаас бүрдэж байв. Алтайн урианхайн долоон хошуунаас Зүүн, баруун амбаны, Мэйрэнгийн, Гомбодаагийн зэрэг дөрвөн хошуу        нь алтайн урианхайчууд, Цагаан соёны, Хар соёны, Хөх мончоогын зэрэг гурван хошуу нь тувачуудаас бүрджээ.

1911 онд Монголчууд Манжийн эрхшээлээс гарсны дараа баруун хязгаарын аймаг хошуудыг засаг захиргааны шинэ зохион байгуулалтанд оруулахад, алтайн урианхайчууд Дөрвөдийн Сайн заяат баруун гарын үнэн зоригт ханы аймагт харъяалагдах болсон байна. Чингээд алтайн урианхайн хуучин долоон хошууг шинээр нэрийдэх болжээ. Үүнд:

1.Алтайн урианхайн зүүн гарын амбаны хошууг Итгэмжит засаг, улсад туслагч гүний хошуу

2.Зүүн гарын Мэйрэн зангийн хошууг Зүтгэлт засаг, улсад туслагч гүний хошуу

3.Зүүн гарын Сэндэн (Хар соёны) гүнгийн хошууг  Зоригт засаг, улсад туслагч гүний хошуу

4.Зүүн гарын Махбарьдын (Цагаан соёны) хошууг  Эетэй засаг, улсад туслагч гүний хошуу

5.Алтайн Урианхайн баруун гарын амбаны хошууг Дархан засаг, улсад туслагч гүний хошуу

6.Баруун гарын Гомбо да-гийн хошууг Саруул засаг, улсад туслагч гүний хошуу

7.Баруун гарын Шар да-гийн (Хөх Мончоогын) хошууг Ёст засаг, улсад туслагч гүний хошуу хэмээн тус тус нэрлэх болов.

Дөрвөд: Дөрвөдүүд эдүгээ Ховд аймгийн Дөргөн суманд бөөнөөр аж төрж байна.

Дөрвөд нь угтаа Дува сохорын үр хойчис юм. “Монголын нууц товчоо”-нд өгүүлснээр, Дува сохор, Добу мэргэн гэсэн ах дүү хоёр байсан бөгөөд Дува сохор нь дөрвөн хөвгүүнтэй байжээ. Дува сохорыг нас барсны дараа түүний дөрвөн хөвгүүд Добу мэргэнийг орхиж нүүгээд дөрвөд овогтон болсон гэнэ. Дөрвөд хэмээсэн нь, Дува сохорын дөрвөн хүүгийн удмаас угсаалсан тул ийнхүү дөрөв гэсэн тооны нэрээр нэрлэгдэж байснаа хожим нь олны санаа илтгэсэн-д нөхцөл залгаснаар дөрвөд гэж нэрлэгдэх болжээ.

Дөрвөдүүд ойрадуудыг Алтайд нутаглах болсон үеэс тэдний бүрэлдэхүүнд орсон бололтой. Тэр цагаас хойш дөрвөдүүд Эрчис мөрний эхэн, дунд урсгал хавиар нутаглан суух болжээ. Тэд анхандаа цоросын харъяанд багтаж байв.

XY зууны сүүл үеэс өөлд, түмэд, хойд зэрэг аймгууд дотоодын тэмцэлд хүч нь сулран, бас зарим нь гадагш нүүдэллэсэн учир XYI зууны эхнээс дөрвөдүүд ойрадын гол дөрвөн аймгийн нэг хэмээгдэх болжээ.

Дөрвөдүүд түүхийн тавцанд биеэ даан гарч ирснээсээ хойш ойрадын улс төрийн амьдралд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх болов. Хүн ам нь өсөн нэмэгдэж, дотроо их дөрвөд, бага дөрвөд, баруун дөрвөд, зүүн дөрвөд хэмээн хуваагдах болсон байна.

Их, бага дөрвөдүүд XYII зууны эхээр Далай тайшийн хамт Алтай нутгаасаа баруун хойшилж, улмаар цаашилсаар 1630-аад оны орчимд Астрахань, Ижил мөрөн рүү одож нутаглах болжээ. Эдүгээ Халимагийн хүн амын бараг гуравны нэг нь дөрвөдүүд аж.

1750-иад оны үед Зүүнгарын хаант улсын улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй болж, дотоодын зөрчил тэмцэл ширүүсчээ. Эл хямралын үеэр буюу 1753 онд Дөрвөдийн Цэрэн, Цэрэн убаши, Цэрэнмөнх нар өөрсдийн харъяат албатаа авч Алтайг даван ирж Манжид дагаар оров.

Манж нар дөрвөдүүдийг анхандаа Түй, Заг, Байдрагийн голын орчимд нутаг заан суулгажээ. 1754 онд Сайн заяатын хоёр чуулганыг байгуулж, Зүүнгарын чуулганы даргаар Цэрэнг томилж, засаг хошой чин ван өргөмжилжээ. 1755 онд баруун гарын чуулганы даргаар Цэрэн убашийг томилж, засаг төрийн жүн ван өргөмжлөв. Тэр үед дөрвөд, баядыг бүгд 14 хошуунд хуваан Сайн заяатын чуулганд захируулснаас дөрвөдийг 3 хошуу болгожээ.

1759 онд дөрвөдүүдийг Улаангомын хавь газар нүүлгэн нутаглуулав. Тэднийг анх Улиастайн жанжны газрын мэдэлд түр байлгаад, 1762 онд Ховдын манж сайдын газар байгуулагдахад түүнд шууд захируулах болжээ.

1782 оноос дөрвөдийн 3 хошууны ноёдыг үе улиран засаг залгамжлуулахаар манжийн хааны албан зарлиг гарчээ. Урьд нь хэдийгээр хошуу ноёдын үр хүүхэд нь эцгийн тушаал хэргэмийг залгамжилж байсан хэдий ч албан ёсны хууль үгүй байв.

1911 оны үндэсний ардчилсан хувьсгалын дараа Богдын засгийн газар Ховдын манж сайдын газарт захирагдаж байсан олонх хошуудыг хоёр аймагт хуваан захиргажээ. Чингэхдээ Сайн заяатын зүүнгарын чуулганд багтаж явсан 12 хошууг Дөрвөдийн зүүнгарын аймаг хэмээн нэрлэж, ханаар нь Далай хан Галсаннамжилыг, урьдын баруун гарын чуулганд багтаж явсан 4 хошуун дээр өөлд, мянгад, захчин, урианхай 11 хошууг нэмж Дөрвөдийн баруун гарын аймаг хэмээн нэрлээд, ханаар нь үнэн зоригт хан Содномжамцойг өргөмжилжээ.

1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын дараа ардын засгийн төлөөний сайд, жанжны газрыг Ховд хотод байгуулж, баруун хязгаарын хэргийг эрхлүүлжээ. 1925 онд Дөрвөдийн хоёр аймгийг нэгтгэсэн Чандмань уулын аймгийг байгуулжээ.

Захчин: Захчинууд эдүгээ Ховд аймгийн Алтай, Үенч, Мөст, Манхан, Зэрэг суманд тус тус амьдарч байна.

Судлаачдын үзэж буйгаар, захчин нь харьцангуй хожуу буюу XYII зууны эцэс XYIII зууны эхэн үед бүрэлдсэн аж. Анх 1670-аад оны үед Зүүнгарын Галдан бошгот хаан Ойрадын тайж нарын эзэмшил “анги” бүрээс цөөн албат өрхийг татан улсынхаа зүүн өмнөд Эрээн хавиргын газар хил харгалзуулан суулгажээ. Тийнхүү Зүүнгарын хаант улсын хил хязгаарыг сахигч харуулын ардыг “захчин” гэж нэрлэснээр, захчин хэмээх угсаатны бүлэг түүхийн тавцанд гарч ирсэн байна.

Захчин хэмээх нэр нь утгын хувьд тэдний гүйцэтгэж байсан алба үүргийг нь илтгэдэг. Тэд нутгийн зах хязгаарт сууж байсан бөгөөд тэрхүү зах хязгаарыг тэмдэглэсэн “зах” гэдэг үгийн үндсэнд ажил мэргэжлийг заадаг “чин” дагавар залгаж захчин нэр үүссэн байна.

XYIII зууны эхэн үед захчинууд Зүүнгарын хаант улсаас Хиргис, Дундад азийн Хотон, Уйгар угсааны зарим улс, Халхтай савладаг нутгийн дагуу Тэнгэр уулын ар, Эрээн хавирга, Их зултас, Бага зултас, Булингар гол, Өрүнгэ, Булган, Чингэл гол, Цагаан тохой зэрэг газраар цувран сууж улсынхаа зүүн өмнө, зүүн зүгийн хилийг харгалзан сахиж байв. Тэд улсынхаа хил хязгаарыг хамгаалан сахих үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ жил бүрийн өвөл ан агнаж улсад ангийн махаар алба өргөдөг байв. Бас Зүүнгарын хаант улсын хүрээ хийдэд шавилан суусан лам нарын хүнсэнд зориулж нэг жил өнжөөд мал нийлүүлэхийн сацуу Зүүн гарын хаант улс цэрэг хөдөлгөн дайтах, Төвд зэрэг харь улсад элч төлөөлөгч илгээх үед захчин нараас нэмэгдэл алба татдаг байсан аж.

Захчинууд 1754 онд Манжид эзлэгдэж Халхын засагт хан аймгийн гүн Цэвдэнжавын харъяанд хэсэг зуур захирагдаж явсан байна. Тэднийг Зайлганы газар түр суулгаж байгаад 1756 онд Зэрэг, Шар хулс зэрэг газар нутаглуулжээ. Улмаар 1759 онд тэдэнд нутаг олгож Байтаг, Хавтаг хавьд нутаглуулсан байна. Гэвч удалгүй газрын ойрыг харгалзаж, 1777 оноос Захчиныг Ховдын манж сайдын мэдэлд захиргасан байна.

1777 онд гүн Жамцан нас барсан бөгөөд 1778 онд Захчинаас Мамудын язгуурын албат 30 гаруй өрхийг таслан хондого сум зохион, Жамцаны хүү Мэндэшид захируулж эцгийнх нь гүнгийн зэргийг залгамжлуулжээ. Энэ үеэс захчин нь гүнгийн хошуу, бүгдийн даргын хошуу хэмээх хоёр хошуутай болов.

1801 онд Ховд хот, Өрөмчийн манж сайд нар зөвлөлдөөд Ховд, Гүйчэн хотын хооронд тавьсан, суурь өртөөний албыг гүйцэтгэж байсан халхын ардуудыг татан буулгаж нутагт нь буцаагаад, оронд нь захчинаас 80 өрх цэрэг гарган өртөөний албыг хаалгасан нь манжийн дарангуйллын туршид үргэлжилжээ.

1911 онд Монголчууд манжийн ноёрхлыг түлхэн унагасны эсэргэн жил буюу 1912 онд монголын засгийн газраас манжийн тогтоосон хуучин засаг захиргааг устгахад захчин хоёр хошуу Дөрвөдийн үнэн зоригт ханы аймагт захирагджээ. Мөн захчины хоёр хошууны ноёдод манжаас олгосон хошуу захирах тамгыг хүчингүй болгож, шинэ тамга олгон бүгдийн даргыг үе залгамжлах хошуу ноён болгож, гүнгийн хэргэм шагнажээ. Тэр үеэс захчины хойт хошууг захчин сэцэн гүнгийн хошуу, урд хошууг захчин бэйлийн хошуу хэмээн нэрийдэх болов.

1925 онд ардын засгийн газрын шийдвэрээр захчины хоёр хошууг нэгтгэн Баатархайрхан уулын хошуу хэмээн нэрлээд, Улаангомд төвлөсөн Чандмань уулын аймагт захируулжээ. Гэвч 1931 онд хуучин Захчин бэйлийн хошуугаар Үенч, Захчин гүнгийн хошуугаар Манхан, Зэрэг, Мөст, Алтай сумдыг байгуулж Ховд аймагт захируулав. Эл зохион байгуулалт өдгөө ч өөрчлөгдөөгүй хэвээр байна.

Казах: Монголын казахууд өдгөө Баян-Өлгий, Ховд аймагт бөөнөөр аж төрж байна.

Казахын хүн ард XIX зууны дунд үеэс буюу 1864 оноос эхлэн манж хятадын дарлал болон бослого үймээнээс дүрвэж Алтайгаас Ховд руу нүүдэллэж эхэлжээ. Тэдний нүүдэл 1867-1870-аад оны үед улам нэмэгдэж отог омгоороо нүүдэллэх болсон байна. Монголд шилжин нутаглагсад нь Абах керей, Найман казах овгийнхон болно. Тухайлбал, Кебеш баатраар толгойлуулсан Жантекей овгийнхон Сум дайрах, Өрмөгт, Шигэртэй, Хуримт зэрэг газраар нэвтрэн Булган, Дэлүүн, Толбод ирсэн байна. Жилкышийн тэргүүлсэн Шерүүч овгийнхон Даян, Улаанхусын нутагт ирж, нутгийн Урианхай ноёдоос газар түрээслэн авч амьдарч эхэлжээ. Үүний дараагаар буюу 1890-ээд оноос Шыбыр-Айгир, Каракас, Молхы зэрэг бусад овгууд нүүж ирсэн байна. Улмаар тэд 1895 онд Ховдын амбанд 9 цагааны бэлэг барьж, байршсан газраа суух зөвшөөрөл олж авчээ.

1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Монгол орон Манжийн эрхшээлээс гарч, Богд хаант монгол улс байгуулагдахад казахууд дагаар орох хүсэлтээ Монгол улсын Засгийн газарт илэрхийлсэн байна. Тэрхүү хүсэлтийг Богд хаант Монгол улсын Засгийн газар ёсоор болгож 1917 оны 3-р сарын 23-нд казахууд Монгол улсын харъяат иргэд болцгоожээ. Тэднийг хошуу, сумын зохион байгуулалтад оруулж, овгийн тэргүүлэгчдэд зэрэг хэргэм, тамга олгож хошуу нутаг захируулсан байна. Казахын анхны хошууд нь Шерүүч, Шыбыр-Айгыр, Ботахора хэмээх гурван хошуу байв.

1921 онд Монгол оронд ардын засаг ялж, орон нутагт засаг захиргааны шинэ бүтцийг бий болгосны нэг нь Казахын хуучин хошууны тоог нэмсэн явдал юм. Тухайлбал, 1925 оны засаг захиргааны өөрчлөлтөөр казахын хуучин хошууны тоог нэмж Шерүүч, Хошах, Ботахора, Шыбыр-Айгыр, Байхадам гэсэн 5 хошуутай болгожээ.

БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 2-р сарын 7-ны өдрийн 5-р хурлын тогтоолоор Ховд аймгийг байгуулахад казахууд тус аймгийн харьяанд багтжээ. 1940 онд Баян-Өлгий аймаг байгуулагдахад ихэнх казахууд тус аймагт харъяалагджээ. Харин 1955 онд Баян-Өлгий аймгаас Ховд аймагт Ховд сумыг шилжүүлсэн байна.

Мянгад: Мянгадууд Ховд аймгийн Мянгад суманд бөөнөөр аж төрж байна.

Мянгад хэмээх нэр нь мянга (н) гэсэн тооны нэрээс үүсэлтэй учир анх мянган хэмээж байгаад хожим нь түүнд олны санаа илтгэдэг-д нөхцөл залгаж мянгад болсон гэлтэй.

XYI-XYII зуунд Хэм голын эхэн урсгал, Зүүн Тагнын нуруу, Хөвсгөл нуурын баруун биеэр нутаглаж явсан мянгадын зарим нь Зүүнгарын хаант улсын бүрэлдэхүүнд бүрэн захирагдаж баруун тийш нүүлгүй хоцорч үлдсэн байна. Тэд XYI зууны II хагаст Халхын Алтан ханы улсад захирагдаж явсан байна.

1755-1758 онд Хотгойдын Чингүнжав, Ойрадын Амарсанаатай хамтран манжийн эсрэг тэмцэхэд мянгадууд уг тэмцэлд оролцсон байна. Бослого дарагдсаны дараа мянгадуудыг Засагт хан аймгийн далай засгийн хошуунд захируулсан гэдэг.

Харин 1766 онд Улиастайн манж жанжин мянгадыг нүүлгэж Ховд голын зүүн хөвөө, Алтан хөхий ууланд нутаг олгон суулгажээ. Ийнхүү мянгадууд Ховд хотод сууж асан манж сайдын газарт захирагдан бие даасан нэгэн хошуу болжээ. Манжийн эрх баригсад мянгад хошууг засаг ноёноор захируулсангүй, бүгдийн даргаар мэдүүлэхээр шийдвэрлэжээ. Бүгдийн дарга нь үе улиран уг хошууг захирах эрх үгүй байв. Мянгад хошууны бүгдийн даргад Манжийн эрх баригсад жил бүр пүнлүү мөнгө 65 ланг олгодог байжээ.

Ховд аймгийн Мянгад сумын төвөөс 20 гаруй км зайтай Ховд голын зүүн гарт орших нэгэн тэнүүн сайхан тохойг анх мянгадууд Хотгойдоос салж нүүдэллэн ирж нутагласан газар хэмээх бөгөөд түүнийг “Хотгойдын булан” гэж нэрлэдэг аж.

Ховдын мянгадуудын аман домогт өөрсдийгөө шадар ван Чингүнжавын угсааныхан хэмээн нэрлэж, түүний баатарлаг тэмцлийг шүтэн биширдэг. Тэгээд ч 1937 он хүртэл Мянгадууд голын дацандаа Чингүнжавын цэргийн бага хар тугийг сахиус болгон залж  тахиж байсан ажээ.

Мөн мянгадууд хуучин цагт гэрийнхээ эсгий хаяавчийг хөх өнгийн эдээр бүрэх ба эсгий үүдээ хөх эдээр эмжээрлэж, түүний дээд хэсгийн төв дунд мөнхүү өнгийн эдээр аяганы амсрын чинээ буюу түүнээс арай багахан хэмжээтэй тэмдэг тавьдаг байжээ. Энэ нь монголын бусад аймгуудаас мянгад айлыг ялгаварлан таних тэмдэг бөгөөд уул тэмдгээр шадар ван Чингүнжав хэзээ нэгэн цагт буцан ирж өөрийн албатаа дарлал зовлонгоос ангижруулна гэж домоглодогтой холбоотой аж.

1911 онд Монголчууд Манжийн ноёрхлыг түлхэн унагаж, төрийн тусгаар тогтнолоо тунхаглаад, 1912 онд Богд хаант монгол улсын засгийн газраас мянгадын бүгдийн дарга Ядамжавт үе улирах дайчин цол, Засаг улсад туслагч гүнгийн хэргэм шагнаж, уг хошууг Дөрвөдийн Үнэн зоригт хан аймагт багтаан захируулжээ. Тэр цагаас Мянгадын Дайчин гүнгийн хошуу гэх болжээ.

1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын дараа мянгадын хошууг Ховдод суусан ардын засгийн газрын төлөөний сайдын газарт түр захируулж байснаа 1925 онд уг хошууг Хөхий уулын хошуу хэмээн өөрчлөн нэрлээд, Баянчандмань уулын аймагт харъяалуулан захируулжээ. 1926 онд Хөхий уулын хошууг Дөрвөдийн Бишрэлт вангийн хошуутай, 1927 онд Дөрвөдийн Баянчандмань хошуутай нэгтгэн нэг сум болгожээ.

1931 онд Ховд аймаг байгуулагдахад урьдын Мянгадын хошуугаар Цагаан булан хэмээх сум байгуулж эл аймагт харъяалуулан захируулж, дараа нь Мянгад сум хэмээн нэрийдсэн нь өнөөг хүртэл өөрчлөгдсөнгүй.

Өөлд: Өөлдүүд эдүгээ Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд оршин сууж байна.

Тод үсгийн сурвалжийн мэдээг эш болговол, Эсэн хааны ач Хамаг тайш 1480-аад оны үед Цоросын дотроос албат таслан аваад түүнийг Өөлд хэмээн нэрийджээ. Өөлдүүд өөрсдийнхөө гарлыг ууль шувуутай холбон тайлбарладаг.

Ховдын өөлдүүд бол Галдан бошготын албатын нэг хэсэг, Архангай өөлдүүдийн тасархай юм. Тэд 1764 онд гүн Дамбийг даган Сайн ноён хан аймгийн Өөлд хоёр хошуунаас тасран, Ховд голын хөндий, Цамбагарав ууланд ирж нутаглан суужээ.

Өөлдүүд хэрхэн Ховдод нүүж ирсэн тухай нэгэн домог өөлдийн дунд ам дамжин яригдсаар ирснийг сийрүүлбээс: “Өөлдийн хоёр хошуу Өлзийт, Хотонт хавиар нутаглаж байж гэнэ. Нэг хошууг нь Шаа бэйс, нөгөөг нь Дамбий гүн захирдаг байжээ. Гэтэл Шаа бэйс хоёр хошууг нэгтгэж захирахыг санаархаж эхэлжээ. Улмаар хошууны тахилч лам Равжаа гэгчийг зориуд хатган хятадын худалдааны томоохон пүүсийг шатаалгажээ. Гэвч удалгүй Равжааг баривчилж хэний зарлиг тушаалаар, юуны учир шатаасныг байцаахад, тэрбээр Дамбий гүнийг холбогдуулсан тул манж нар Дамбий гүнийг хэрэгт унагаж тэр даруй цаазалж гэнэ. Үүнд дургүйцсэн Дамбийн харъяат нар олон жилийн дайны хөлд амьд үлдсэн ах, дүү хоёр хошуу бие биенээ барьж идэх цөвүүн цаг иржээ. Бид Шаа бэйсэд захирагдахгүй. Харин Цамбагарав уул, Галдан хаанаа нутаглуулсан Түвшингээ түшнэ хэмээн 1764 онд Болд залан гэгчээр удирдуулан иржээ. Угаас сэргэлэн Болд залан урьдаж газрыг шинжилж гурван цаст, таван голын сав дагуу үржил шимт нутгийг сонгосон” гэдэг.

Ховдод нүүж ирсэн өөлдүүдийг нэгэн хошуу болгон зохион байгуулж Ховдод суусан манж сайдын газарт захируулжээ. Ховдын өөлд хошууг угсаа залгасан ноён биш, харин манжийн эрх баригсдын томилсон бүгдийн дарга захирдаг байв.

1912 онд Өөлд хошууны бүгдийн дарга Ламжав Богд хаант Монгол Улсад дагаж захирагдахаа илэрхийлсэнд, түүнд үе улиран үйзэн цол, улсад туслагч гүнгийн хэргэм шагнаж, дөрвөдийн баруун гарын Зоригт хан аймагт захируулжээ. Тэр цагаас хойш эл хошууг Үйзэн гүнгийн хошуу хэмээн нэрийдэж, ноён нь үе залгамжлах болов.

1925 онд засаг захиргааны шинэ зохион байгуулалт хийхэд урьдын Үйзэн гүнгийн хошуугаар Мөнхнамаржин, Цагаанхайрхан, Эрдэнэ хайрхан гэсэн 3 сумаас бүрдсэн Цамбагарав уулын хошууг байгуулж, Чандмань уулын аймагт захируулжээ. Гэвч 1927 онд Цамбагарав уулын хошууг Наранхайрхан уулын хошуутай нэгтгэжээ.

1931 онд Наранхайрхан уулын хошуунаас урьдын Үйзэн гүнгийн хошууны өөлдүүдийг салган өдгөөгийн Эрдэнэбүрэн сумыг байгуулсан нь өөрчлөлт гаралгүй өнөөг хүрчээ.

Торгууд: Торгуудууд эдүгээ Ховд аймгийн Булган суманд аж төрж байна.

Торгуудын язгууртнууд нь Хэрэйдийн ван хан Тоорилын угсааныхан юм. Турхагууд гэсэн үг сунжирч торгууд болсон бололтой. Турхаг гэдэг нь тураг, биерхүү гэсэн утгатай аж. Өөрөөр хэлбэл турхагууд нь бие бялдар сайтай, торгон цэргүүд байжээ гэж ойлгож болно. Турхаг гэдэг үг хэлний хөгжлийн явцад хураагдан тураг болоод турагууд гэсэн үг нь сунжран торгууд нэр үүсчээ.

1607 онд Торгуудын Хоо өрлөг Дөрвөн ойрадын чуулганы зөвшөөрлөөр Хойд аймгийн хойд зах Эрчис мөрний дунд урсгал Орын ганц мод хэмээх газар нүүж очжээ. Улмаар энд нутаглаж байхдаа Каспийн далайн зүгт хүн явуулж хэний ч харъяалалгүй газар болохыг мэдэж 1628 онд Ижилийн зүг нүүж, 1630 онд Ижилд ирж Уралаас Ижил мөрөн, Астраханаас Самарканд хүртлэх өргөн уудам нутгийг эзэмшин суурьшжээ.

XYIII зууны дунд үед Манж нар Зүүнгарын хаант улсыг байлдан эзлэхэд Торгуудын тайш Шэйрэн албат иргэдээ дагуулан Ижил мөрөн рүү зугатан очиж 10 гаруй жил суужээ. Гэвч хаант Оросын бодлого тэсвэрлэшгүйд хүрсэн тул 1771 онд Торгуудын ноён Убаши, Шэйрэн нар албат иргэдээ авч Алтайг тэмцэж нүүсэн билээ. Тэд замдаа Орос, Хасаг, Хиргисийн морьт цэргийн хориглолттой олонтаа таарч байгалийн чөмөг царцам хүйтэн, гал ноцом халуунд өндөр уул, усгүй цөлийг үл ажран найман сарын туршид нийт 10 000 гаруй км газрыг туулсан аж. Торгуудууд ийнхүү Зүүнгарын нутагт амь тэмцэн ирэхэд Ижил мөрнөөс гарсан 33361 өрх буюу 168080 хүнээс дөнгөж 15793 өрх, 66073 хүн үлджээ. Үүнээс торгууд 14062 өрх, 59565 хүн үлдсэн байна. 100 000 гаруй хүн нь дайн байлдаанд үхэж үрэгдэх, өвчний учир замдаа орхигдон гээгдсээр үгүй болсон байна.

Торгуудуудыг Алтайд ирсний дараа Манжийн засгийн газраас тэднийг хэд хэдэн газарт нутаг олгож тараан суулгажээ. Чингээд хэд хэдэн хошууг нэгтгэсэн чуулганууд зохион байгуулжээ. Шэйрэнгийн албатуудыг чин сэтгэлтийн чуулганд хамааруулжээ. Эл чуулганд бүгд 3 хошуу байснаас 2 нь торгууд, 1 нь хошууд хошуу юм. Торгуудын эл хоёр хошууг дотор нь баруун хошуу, зүүн хошуу хэмээн ялгадаг байв. Үүнд:

1.Баруун хошууны засаг ноёноор 1771 онд Шэйрэнг өргөмжилж, төрийн жун вангийн хэргэм, билэгт цол, гурван нүдэт тогосын отго шагнажээ. 1772 онд Шэйрэнг Ховдын баруун өмнө биеийн Булган, Чингэл гол хавь нутагт суулгажээ.

2.Зүүн хошууны засгаар Шар хүүхэнийг өргөмжилж хошууны бэйсийн хэргэм, учралт цол, хоёр нүдэт тогосын отго шагнажээ. Шар хүүхэнд мөн Булган, Чингэл, Цагаан голд нутаг зааж суулгажээ.

1773 онд Чин сэтгэлтийн чуулганы даргаар Шэйрэнг, дэд чуулганы даргаар Шар хүүхэнийг тавив. Дээрх хоёр хошууны засгийн хэргэмийг 1783 оноос албан ёсоор үе улируулан залгамжлах шийдвэр гарчээ. Чин сэтгэлтийн чуулганы хоёр хошууг бусад торгуудуудаас ялган шинэ торгууд аймаг хэмээн нэрлэжээ.

Монголчууд Манжийн эрхшээлээс гарах үед хийгээд 1921 оны хувьсгалын дараа торгууд хоёр хошуу нь Ховдын сайдын газарт харъяалагдаж байв. 1929 оны сүүлээр торгуудын хоёр хошуу, хошуудын нэг хошууг нэгтгэж Булган мандал Бүрэн хан уулын хошуу хэмээн нэрлэж, хошууны төвийг Булган голын өмнө этгээд Баянсудал хэмээх газар суурьшуулжээ.

1931 онд Ховд аймгийг байгуулж хуучин хошуудын зохион байгуулалтыг өөрчлөн сум зохиоход Булган мандал Бүрэнхан уулын хошуугаар өдгөөгийн Булган сумыг байгуулжээ.

Тува: Тувачууд Ховд аймгийн Буянт суманд аж төрж байна.

Хуучнаар Алтайн урианхайн долоон хошууны гурван хошуу болох Хар соён, Цагаан соён, Хөх мончоогын хошуунууд Алтайн тувачуудаас бүрдэж байв. Ховдын тувачууд нь энэ гурван хошууны нэг болох Хөх мончоогын хошууны тувачуудын нэг хэсэг юм. Тийм ч учраас Ховдын тувачуудыг “мончоого” хэмээн нэрлэдэг. Мончоого хэмээн нэрлэх болсон нь эрт үед эл хошууны ноёд малгайдаа хөх чулуун жинс зүүж явдаг байсантай холбоотой аж.

Хөх мончоогын хошууны нэг хэсэг тувачууд одоогийн БНХАУ-ын ШУӨЗО-ны Илийн хасаг өөртөө засах зуугийн Алтай аймгийн Хөх тохой, Буурал тохой, Хабханас, Ээвийн гол зэрэг газруудаар голчлон нутаглаж байсан бөгөөд 1941-1943 онуудад нутгаа орхиж багцаагаар 30 гаруй өрх нүүдэллэн ирж Ховд аймагт суурьшжээ. Үүний дараа нэг хэсэг өрх айлууд Ховдод иржээ. Чингэж тувачуудын нэг хэсэг Ховдод ирж нутагласан түүхтэй.

Тувачууд Буянт сумын нутаг болох Хөх мончоогын хошууны Бурхан шар даа ноёны домоглосон хэмээдэг Таван хайрханы булан, Шаргын тохой, Довон үзүүр, Зумьяагийн гол, Нарийн гол, Бургасны адаг зэрэг газраар мал маллан аж төрж байна.

Ховдын тувачуудын нэг онцлог нь овог яс, ахуй, соёлын уламжлалаа өвлүүлэн хадгалсаар иржээ. Тэдний овгийн бүрэлдэхүүнийг үзвэл: иргит, бэглиг иргит, галжан иргит, адай иргит, чоод иргит, адай иргит, жагдува, каражагдува, хаа хөег, монгуш хөег, хаа дарган, соён, кызыл соён, кара соён, ак соён зэрэг овгийн хүмүүс оршин амьдарч байна.

Халх: Ховд аймгийн Дарви, Чандмань, Буянт, Цэцэг, Мөст суманд халхчууд бөөнөөр оршин сууж байна.

Халх хэмээх нэр нь монгол хэлний халхлах, хамгаалах, халхавч гэх үгстэй нэг гаралтай юм. Өнөөгийн халхчуудын өвөг дээдсийн багтаж явсан халх түмэн XIY зууны сүүлчээс XVI зууны эцэс хүртэлх хугацаанд зүүн монголын баруун хойгуур нутаглан явсан учир халхавч, хамгаалалт, хашаа түшээ болсон гэдэг утгаар халх түмэн хэмээн нэрийдсэн гэж сурвалж бичигт тэмдэглэжээ.

Ховдын халхчууд нь халхын арын долоон отгийнхны үр хойчис юм. Ховд аймгийн Дарви, Чандмань сумдын нутаг урьд цагт Халхын Засагт хан аймгийн нутагт харъяалагдаж байв.  Тэд бол баруун халхчууд юм. Тэдний өвөг дээдэс нь Батмөнх даян хааны бага хүү Гэрсэнзийн ууган хүү Ашихай дарханд захирагдаж явсан олхонууд нараас голлон бүрджээ.

Буянт сумын халхчууд бол Халхын 4 аймгаас Ховдод очиж суусан хүмүүсийн үр хойчис юм. 1762 онд Түшээт хан аймгаас 200, Засагт хан аймгаас 72, Сайн ноён хан аймгаас 128, бүгд 400 өрх айлыг Ховдод нүүлгэж аваачаад, тэр үед Ховдод сууж агсан Манж сайдын газар, мөн манжийн ногоон тугийн цэргүүдийн хүнсний тариа, ногоог тарих, хурааж авч тушаах үүрэг хүлээлгэн суулгажээ. Дараа нь Сэцэн хан аймгаас бас зарим айлыг Ховдод аваачиж суулгажээ. Тийнхүү Халхын 4 аймгаас аваачсан хэсэг өрх Ховдод суух болжээ.

Хошууд: Хошуудууд нь өдгөө Ховд аймгийн Булган суманд аж төрж байна. Хошууд аймгийн гарал үүсэл, ноёдын уг шагийн талаар Монголын түүхийн сурвалж бичгүүдэд олонтаа тэмдэглэсэн нь бий. Түүх шастирт өгүүлж буйгаар, Хошуудууд нь Чингис хааны дүү Хавт Хасарын угсааны Боржигон овогтон бөгөөд XY зууны эхэн үед Хавт Хасарын наймдугаар үеийн ач Аругтөмөр, Үрэгтөмөр хоёр өөрийн эцэг Асгалдай ноёныг нас барсны дараа эцгийнхээ өмч албатыг булаалдан эвдрэлцэж, дүү Үрэгтөмөр нь өөрийн албат ардаа дагуулан Хорчиноос тасран салж өнөөгийн Хөлөнбуйр, Хянганы уулсын баруун бие хавийн нутгаас наран шингэх зүгийн ойрадын Тогоон тайшийг түшиж очжээ. Чингэснээр дөрвөн ойрадын доторх хошууд аймаг бий болсон аж. Хошуудууд нь угтаа Чингис хааны дүү Хавт Хасарын угсааны боржигин овогтон болохыг сурвалжийн мэдээ нотолж байна.

Хошуудууд анхандаа хүн ам цөөн, хүчин буурай агсан учир дөрвөн ойрадын дотор биеэ дааж чадахгүй, харин цорос аймгийн харъяанд хэсэг хугацаанд багтаж байв. Гэвч XV зууны сүүл үеэс хошуудын хүн ам олшрон эдийн засаг, улс төрийн нөлөө нь үлэмж нэмэгдсээр байлаа. Чингээд XVI зууны эцсээс XVII зууны сүүл үе гэхэд ойрадын дотоод улс төрийн амьдралд Хошуудын эрх баригчдын эзлэх байр суурь үлэмж өсөж 1541-1676 он хүртлэх хугацаанд Бүүвэй Мирзэй, Ханай ноён хонгор, Байбагас баатар, Гүүш хан Төрбайх, Очирт сэцэн хан нар таван үеэрээ Ойрадын чуулган даргын албыг хашиж, ойрадын дотоод улс төрийн хямрал, тэмцлийг намжаахад чухал үүрэг гүйцэтгэж байв.

1630-аад оны сүүлчээр Төвдийн бурхны шашны шар малгайтны урсгалын эрх баригсдын хүсэлтээр дөрвөн ойрадын холбоот цэрэг Хөх нуур Төвдийн зүг дайлаар морджээ. Ойрадын чуулганаас Хөхнуур, Төвдийг дайлан эзлэх их цэргийг хошуудын Төрбайхад хариуцуулж, 1636 оны намар Ойрадын цэрэг нутгаасаа мордож, Булингарын голын их шавар намгийг намар, өвлийн заагаар туулж, Мянган ямаат хэмээх газар цэрэг, унаа малаа амрааж, Хөхнуурыг эзлэх бэлтгэлээ базааж авчээ. Улмаар 1637 оны билгийн 2-р сарын 20-ны орчим, хожим Их, Бага улаан хошуут хэмээн алдаршсан газар Цогт тайжийн цэргийг дарж Хөх нуурыг эзлэн авчээ.

Улмаар Төрбайх Хөх нуурт өөрийн цэрэгтэйгээ үлдээд ойрадад хоцорсон албат ардаа татан аваачжээ.  Хошуудууд 1638-1639 онд Хөх нуурт нүүдэллэн суурьшжээ.

Хөх нуурт суусан Монголчуудыг манжийн ноёрхогчид XYIII зууны эхээр эрхшээлдээ оруулан авч, бүгд 27 хошуу болгон зохион байгуулахад хошууд нар 21 хошуу болсон ажээ. Тэднийг Сининд суусан манж сайдад захируулжээ. Хөх нуурын хошуудын 21 хошууны бүх ноёд, тайж, тойн хуврагууд нь Гүүш хан Төрбайхын 10 хүүгийн үр хойчис юм.

1750-аад оны дундуур Манж нар Зүүнгарын хаант улсыг байлдан эзлэхэд Торгуудын тайш Шэйрэнг дагалдан хэсэг хошууд Ижил мөрөнд зугатан очиж 10 гаруй жил сууж байгаад 1771 онд Торгуудуудын хамт буцан иржээ. Буцаж ирсэн хошуудуудыг Манжийн тэнгэр тэтгэгч хаан хошуу, сумын зохион байгуулалтанд оруулан хошуудын бат сэтгэлтийн чуулган хэмээх нэгэн чуулганд багтааж, Шинжааны Зултаст нутаг олгож суулгасан байна. Бат сэтгэлтийн чуулган нь Илид суусан манж жанжинд захирагдаж байв.

Өдгөө Монгол улсын Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин сууж буй хошуудууд нь угтаа бас л Ижил мөрнөөс буцаж ирэгсэд аж. 1771 онд хошууд тайж Мөнгөн өөрийн албатаа дагуулан Ижилээс ирэхэд нь манжийн эрх баригсад тэднийг Хар шаарт суулгасан хэдий ч Мөнгөн нас нөгцсөнд, түүний хатан Цэен, хүү Буянхишиг нар торгуудын засаг ноён Шар хүүхэнийг бараадан Алтайд ирж нутаглажээ. Манж нар Буянхишигт тэргүүн зэрэг тайж өргөмжилсөн боловч засаг ноён тавилгүй, Шар хүүхэний хошуунд оруулж хавсруулан захируулсан аж. Хошуудуудыг засаг ноён Шар хүүхэн харгислан зовоосон учир 1792 онд Цэен хатан, Буянхишиг нар байдлыг манжийн эрх баригсдад учирлан мэдүүлсэнд, тэдэнд нутаг олгоод удалгүй 1796 онд тусгай хошуу болгон ноёноор нь Буянхишигийг өргөмжилж, засаг тамга олгож, Торгуудын чин сэтгэлтийн чуулганд багтаан Ховдын манж сайдын газарт харъяалуулан захирсан аж.

1911 онд Монголчууд манжийн ноёрхлыг түлхэн унагаж төрийн тусгаар тогтнолоо сэргээсний дараа хошууд нар торгуудын хамт Ховдод суусан монгол улсын төлөөний сайдын газарт захирагдаж байв. 1929 онд хошуудуудыг торгуудын хоёр хошуутай нэгтгэн Булган сумыг байгуулжээ

2017 оны 04 сарын 13-ны байдлаар

Алтан тариа 1-р гурил:.1300 төг (кг)
Элсэн чихэр:...............  1900 төг (кг)
Цагаан будаа:..............  2200 төг (кг

Сүү:.............               ..   2000 төг )
Хонины мах ястай : ...  6000 төг (кг)
Үхрийн мах ястай:....... 6000 төг (кг)
Ямааны ястай мах:....   5000 төг (кг)

Ямааны ноолуур:          70000 төг (кг)
Бензин А-80:............... ..1710 төг )
Бензин А-92:............... ..1810 төг )
Дизель түлш:.............. .1850 төг )

ХАӨМС

ХАА

AANB

AANBRegistration

Мал тооллого

Мал тооллогын тайлангийн систем

NZY1

CPIuser

Улирлын мэдээ

AY1

AANB_TD