Байгаль


   АЙМГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТ ГАЗРУУД

Хөх Сэрхийн нурууны дархан цаазат газар

Монгол Алтайн нурууны хойд салбар уул Гурван Цаст уулаас зүүн урагшаа 50 гаруй км урт, 20 км өргөн үргэлжлэн тогтсон 65920 га талбай бүхий нуруу юм. 1977 онд АИХТ-ийн 76-р зарлигаар дархалсан бөгөөд УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор ТХГН-ийн тухай хуульд нийцүүлэн дархан цаазат газраар баталгаажуулсан.

 

Говийн их дархан цаазат газар “Б” хэсэг

Энэ хэсэгт Алтайн цаадах говийн БНХАУ-тай хил залгах Тахийн шар нуруу, Их, Бага Хавтаг, тэдгээрийн хоорондох өргөн уудам хөндий тал, Хонин ус, Баруун хуурай зэрэг элсэрхэг тойром бүрдтэй говийн хэсэг багтана.

1975 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 84-р зарлигаар дархан цаазат газар болгосон бөгөөд 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор ТХГН-ийн тухай хуульд нийцүүлэн дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулсан.

Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газар 

Эргэн тойрон Монгол Алтайн уулсаар хүрээлэгдсэн д.т.д 1157 м өндөрт оршдог, нуурын талбай бүх арлуудын хамт 1859.2 км2, хамгийн өргөн нь 26.2 км, дундаж өргөн нь 25.8 км, хамгийн урт нь шулуунаар 72.2 км, дунджаар 2 м гүнтэй, ус цуглуулах талбай нь 70450 км2 болно. 1997 оны 47-р тогтоолоор Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрыг байгуулсан.

Цамбагаравын байгалийн цогцолборт газар

Цамбагарав уул нь д.т.д 4208 м өндөрт өргөгдсөн. Цамбагарав уулын 110960 га талбайг УИХ-ын 2000 оны 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан юм.

 

 

 

Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газар

Цэцэг сумын баруун хойт хэсэгт орших Мянган угалзатын нуруу нь баруун хойноос зүүн урагш чиглэсэн баруун талаараа Ангиртын гол, зүүн талаараа Цэцэг нуурын хотгороор тусгаарлагдан оршино. 2002 оны 6-р сарын 28-ны өдрийн УИХ-ын 39 тоот тогтоолоор улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангилалд оруулсан.

 

 

 

Мөнххайрханы байгалийн цогцолборт газар

Мөнххайрхан уул нь Монгол Алтайн гол нурууны хэсэг, зүүн урагшаа 50 гаруй км үргэлжлэх бөгөөд Монгол Алтайн нуруун дахь хамгийн их мөнх цастай уул юм. Мөнххайрхан уулын ноён оргил Таван хумст нь д.т.д 4205 м өндөрт өргөгдсөн.

Мөнххайрхан уул түүний орчмын газар нутгийг 2006 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтанд авсан.

Булган голын байгалийн нөөц газар

Булган голын минж бүхий зурвас газрыг 1965 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар улсын хэмжээний дархан цаазат газар болгосон. 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор ТХГН-ийн тухай хуульд нийцүүлэн 1840 га талбайтайгаар байгалийн нөөц газрын ангилалд оруулжээ.

 

 

Манханы байгалийн нөөц газар

Ховд аймгийн Манхан, Зэрэг, Дарви сумын Хар-Ус нуурын урд хоолойн тал юм. Манханы тал (Шаргын тал орно) нь 390071 га талбайтайгаар 1993 онд УИХ-ын 83 тоот тогтоолоор улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамруулсан.

 

 

Алтан Хөхийн байгалийн нөөц газар

Байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор УИХ-ын 2010 оны 1-р сарын 14-ний 06 тоот тогтоолоор Алтан хөхий уулыг байгалийн нөөц газрын ангилалд хамруулсан.

 

 

 

Тооройн элс

Манхан сумын нутаг Зэрэгийн голын хаяа зах булаг, Цэхээ нуурын хойт хэсгээр Тооройн элс нэртэй уртаараа 7-8, өргөнөөрөө 3-5 км газар үргэлжилсэн товгор, товгор элс өртөөлөн байдаг. Энэ элсний захаар харгана, тэсгэнэ, хармаг, шаваг, нохойн зээргэнэ, сулхир, созон, үүргэнэ, хүүргэнэ, бударгана төдийгүй эмийн үнэт ховор ургамал ургана. Манхан, Зэрэг, Чандмань сумдын тэмээ голдуу малтай айлууд намар, хаварт нутаглана.

Тооройн цагаан, тооройн цагаан элс нь

Торойж цайгаад, торойж цайгаад байна

Торомгор бяцхан, торомгор бяцхан тэр нь

Нарийт гээд, нарийт гээд байна хэмээн тэр нутгийн хүмүүс дуулдаг билээ.

 

 

Амьтан

 

Арслан зааны олдворууд

1998 оны 8-р сард МУИС, МУИС-ийн  Ховд дахь салбар сургуулийн хамтарсан палеонтологийн экспедици Ховд аймгийн Дөргөн сумын нутаг Завхан голын Төгийгийн формаци дахь Буултын булагийн Тэсэрхий хэмээх газар ажиллаж плейстоцены хожуу голоцены түрүү үеийн хурдсаас арслан зааны (marmoth) дунд чөмөг (1ш) болон сээр нурууны нугалам хавирга, соёоны үлдэгдэл (1.2 м), гуравдагчийн хожуу үеийн мэрэгч болон туурайтан амьтдын эвэр, чулуужсан мод зэрэг палеонтологийн ховор олдвор олжээ.

Ирвэс: /хязгаарлагдмал тархалттай, нэн ховор дэлхийд ховордсон амьтан/

Ирвэс нь манай аймгийн уулархаг нутаг Булган, Мөнххайрхан, Дуут, Мөст, Цэцэг, Дарвийн нутгаар амьдарна. Ирвэсийн урт нь 135 см, сэрвээгээрээ 60 см, сүүлний урт нь 90 см, 45 кг хүртэл жин татна.

Ирвэсний мөч богино, сарвууны алга, тавхай өргөн, том нуугдмал хумстай, сайвар урт сунагар биетэй амьтан.

Ирвэсний орооны цаг нь 2-3 сард эхэлж хагас сар үргэлжилнэ. Тав, зургаан сард 2-5 гүег төрүүлж, 3 сар орчим хөхүүлнэ. 4, 5 сард гуужиж үс хөрс нь 10-р сард гүйцнэ. Голдуу бүрэнхий, харанхуйд хоол тэжээлээ эрж олно. Заримдаа өдөр ангуучлах нь бий. Сэм явдалтай, нуугдмал амьтан.

Тахь: /Устах аюулд орсон нэн ховор, дэлхийд ховордсон амьтан/

Зэрлэг адууны цорын ганц үүлдэр. Биеийн урт нь 250 см, мундааны өндөр 146 см, биеийн жин 300 кг хүрнэ. Бие лагс, толгой том, хүзүү бахим, цээж өргөн, сэрвээ хондлой тэнцүүвтэр амьтан.

Зүс хул хонгор, хэвэл, суга, цавь цайвар хонгор, Булган сумын Байтаг богд уул, Тахийн шар нурууны хоорондох улсын хил хавийн 20-30 км өргөн зурвас газраар нутагладаг байжээ.

Тахь нь 6-7 сард ороо нь орж, дараа оны 5-6 сард унагална. Тахь элс хайрга ихтэй, хялгана, таана, тэсэг багалуур бүхий намхан уулс, толгод тэдгээрийн хоорондох хотос хоолойд байршина.

 

Хойлог: /Монгол орны унаган ховор амьтан/

Алтайн өндөр уулсаар хойлог элбэг. Хойлог 30-40 см өндөр, 2,5-3 кг орчим жинтэй. Эгц өндөр хадан хясаа, уулын таг царамд оршино.

Өвөлд уулын бэл рүү бууж, сүрэг сүргээр амьдарна. Хойлог харуул сэргийлэхтэй бэлчээрлэнэ. Чимээ авангуут нэгэн дуугаар уулын өөд маш их хурдтай явгалан гүйнэ. Нутгийн ард иргэд хойлогийн байршлаар байгаль, цаг уурын байдлыг ажиглаж мэднэ.

Хойлогийн мах эмчилгээний онцгой ач холбогдолтой байдаг. Хойлог 3 сарын сүүл, 4 сарын эхээр ороо нь орж, өвлийн сүрэг тарж хоёрлосон хосууд үүснэ. Таван сарын сүүлчээр 8-12 хоногт цувуулан өндөг гаргаж, эмэгчин нь 28 хоног дарна. Дэгдээхэй нь 6 сарын эхээр үүрнээс гарч 10 сарын дундуур бие галбир гүйцэн том хойлог болдог.

 

Аргаль: /ховор, дэлхийд ховордсон амьтан/

Аргаль дархан цаазтай амьтан. Аргалын сүрэг Ховд, Дуут, Мөнххайрхан, Манхан, зэрэг, Мөст зэрэг сумын мөнх цаст уулын таг, ноён шовх оргилоор амьдарна. Аргалын биеийн урт нь 140-150 см, сэрвээний өндөр 120-125 см, биеийн жин 180-200 кг-д хүрнэ.

Угалз 125 см урт, 25 кг том эвэртэй. Аргалын эвэр нь жижиг нарийхан 30 см урт юм. Гэрийн тэжээвэр хонины жинхэнэ өвөг эцэг Аргалын эрийг угалз, эмийг нь аргаль, үр төлийг нь хурга гэнэ. Намар 10-11 сард ороо нь орж, 4-5 сард нэг, заримдаа ихэр хурга гаргана.

 

Монгол хулан /Монголд ховордуу, дэлхийн хэмжээнд цөөрсөн амьтан/

Хулан тус аймгийн Булган, Үенч, Алтай сумын нутгийн говь, цөл нутгаар элбэг таарна. Биеийн урт нь 220-260 см, мундааны өндөр 134-137 см, сүүл 49 см, 200-260 кг жин татна. Гэрийн адуутай харьцуулахад толгой том, чих урт, сүүлний үзүүрийн хэсэгтээ шингэн, богино хялгастай. Ерөнхий зүс хул, зун улаавтар, өвөл цайвар хул зүстэй.

Хулан 8-9 сард ороо нь орж, 5-6 сард унагална. Хулан сүрэглэж амьдардаг амьтан. Хааяа арав, хориороо ихэнхдээ хэдэн зуугаараа сүрэглэн амьдардаг амьтан.

Цөл, цөлөрхөг хээрийн намхан ургамалтай аараг толгод, тэдгээрийн завсрын уудам хөндий хоолой, хотос, толгодын шил бэлээр нутаглана.

 

Зэгсний гахай: /Хязгаарлагдмал, ховордсон амьтан/

Зэгсний гахай манай аймгийн Их нууруудын хотгор, нууруудын хөндийн зэгс, шагшуурга бүхий нутагт байршжээ.

Зэгсний гахайн биеийн урт нь 170 см, сэрвээний өндөр нь 80 см, сүүл нь 24 см, жин нь 200 кг хүрнэ. Толгой, хоншоор урт, хүзүү богино, чих дэлдгэр, үзүүртээ урт үстэй амьтан юм. Хар-Ус нуур, Хар нуурын эргийн хулсан шугуй, Ховд, Булган зэрэг голуудын шугуйд амьдарна.

Зэгсний гахай 12-1 сарын үед нийлүүлэгт орж дөрвөн сард 2-5 тоорой гаргана. Зэгсний гахай зэгс, хулс, ургамлын үндэс идэхээс гадна үхсэн мал, амьтны сэг зэмээр ч хооллоно.

Бөхөн: /Монголд устаж байгаа, нэн ховор амьтан/

Бөхөн гөрөөсний төрх галбиртай, хонины хэрийн дунд зэргийн биетэй амьтан. Манхан, Чандманы нутаг, Булган голын хоорондох өндөр уул, говиор хязгаарлагдмал нутаг болох Цоохор нуурын урд хөвөө, Өвдгөөс урагш Үенч голын ар хэсгээр нутаглаж байжээ.

Бөхөнгийн биеийн урт 140 см, сэрвээний өндөр 79 см, 51 кг жин татна. Гялалзсан цайвар шаргал зүстэй, бөгжилсөн олон товгор цагираг бүхий хос шорон эвэртэй, том банхар, монхор хамрын үзүүр нь доод уруулаасаа урт байдаг. Хүзүүгээ сунган, толгойгоо газар хүртэл гудайлган тонгойн 70-80 км цагийн хурдтай хатирна. Бөхөн 12-1 сард ороо нь орж, 5 сарын эхээр 1-2 янзага гаргана.

Говийн хялгана, ерхөг, шаваг, хөмүүлт элсэрхэг бударгана бүхий говьд амьдарна.

 

Янгир /ховор амьтан/

Алтайн уулсын салбар сүрлэг хадат уулс, уулнаас буусан хатан хошуу, намхан аараг толгод, хөтөл, богоч бүхий Ховд, Булган, Үенч, Цэцэг сумдын нутгаар янгир сүрэг сүргээрээ байна.

Гадаад төрх нь гэрийн ямаатай төстэй. Биеэр том, хүзүү богино, 15 см хүртэл урт. Тэхийн биеийн өндөр 105 см, урт нь 128-167 см, эрийг нь тэх, эмийг нь ямаа, төлийг нь ишиг гэнэ.

Янгирын биеийн урт 120-136 см урт, сэрвээгээрээ 75-90 см, жин нь 90 кг хүрнэ. Тэх гэдэргээ мэхийсэн, сэлэм эвэртэй, олон түвгэр үе бүхий 120-140 см эвэртэй.

Тэх орооныхоо үед 8-12 ямаа хураана. Янгир асга хадат өндөр уулын амьтан. Чулуу шаржигнуулан явах нь нэн сонин.

 

Төв Азийн минж /хязгаарлагдмал, нэн ховор/

Булган голын дагуу Дашванжил уулаас улсын хил хүртэл өчүүхэн зурваст минж нутаглана. Нас бие гүйцсэн минжийн бие 75-120 см хүрнэ. Мод мэрж унагахад цүүц хэлбэрийн хурц шүдээрээ 5-7 см диаметртэй модыг 2 минутад унагаж чадна.

Ороо нийллэг нь 1-2 сард болж 105-107 хоног хээлээ тээж 4-6 зулзага /дүдэр/ төрүүлнэ. Минж ихэвчлэн метр өндөр, нэг метр орчим диаметртэй овоохойд амьдарна. Өтгөн шугуйтай, намуун урсгалтай бургас, улиас бүхий тохойд нэн тохирно.

 

Хотон: /нэн ховор/

Борцгор хотон хэмээн нэрлэгдэх Монгол Улсын Улаан номонд орсон энэ шувуу Хар-Ус нуурт байдаг, нэн ховор.

Зэгс, шагшуурга ихтэй, загасаар баялаг нууруудын арал, тохой, голуудын цутгалан хавьд байрлана. 3 нас хүрсэн хотон 5 сарын дундаас хос хосоороо үүрээ засч, 2-4 өндөр гаргана. Өндөгнөөс 40 шахам хоногийн дараа ангаахай гарна. Хошуугаар нь хурдан морины хусуур хийдэг заншил аль эрт үеэс тогтжээ.

 

 

 

Ондатор /заарт харх/

Орхон, Сэлэнгэ зэрэг гол мөрөнтэй газраас 1960-аад онд Хар-Ус нуурт нутагшуулсан аж. Ондатор биеийн урт нь 26-40 см, сүүл 12-23 см, 900-1000 грамм жин татна.

4 сараас 10,11 сар хүртэл гуужиж, 11 сарын эцэс, 12 сарын эхээр үс, хөрс нь гүйцнэ. Нэг төрөлтөөр 6-10 зулзага гаргах ба жилд 3-4 удаа зулзагалана.

Бэлэг эрхтний хойт хэсэгт арьсан дор заарын булчирхайн хүүдийтэй тул заарт харх гэж нэрлэнэ. Зөөлөн урсгалтай гол, нуур, хуурай газрын аль алинд амьдардаг тул үслэг амьтан юм. Одоо Ховд, Буянт, Мянгад, Манхан сумын нутагт үлэмж их тархжээ.

 

 

Ургамал

Алтан гагнуур: /нэн ховор ургамал/

Ховд, Монгол Алтайн зарим нутгаар тун ховор ургана. Иш нь богино бүдүүн, 15-30 см өндөр, олон наст ургамал юм. Ойт бүслүүрийн хад чулуутай энгэр асга, цохионы завсар, ёроол, горхийн чулуурхаг хайргатай эрэг, ойн цоорхой торлогтой сийрэг ойд ургана.

Монголын улаан номд бүртгэж, 1995 оноос нэн ховор ургамалд оруулжээ. Эмийн ургамал учир эрт дээр үеэс хайрлаж ирсэн ба зарим оронд их хэмжээгээр тариалж эмийн төдийгүй хүнсний үйлдвэрт хэрэглэдэг аж.

 

Чийр: /нэн ховор ургамал/

Залаархаг хавраг ба чийр нь Булган сумын их, бага онгогийн 100 гаруй км газарт ургана. Цэцэглээгүй үедээ 10-60 см урт, зузаан, 5-25 см бүдүүн үндэстэй, 10-40 см урт гурвалжин өндөрдүү 3-9 навчтай.

Нутгийн ардууд чийрийн давирхай хэмээн нэрлэж, ханиад, ил шарх, ходоод гэдэс, үе мөчний өвчин, гэмтэл согог анагаахад хэрэглэнэ. Түүгээр ч үл барам хурц содон үнэрээс нь аюул дайждаг хэмээн бэлэгшээж эмээлийн хавтас, дөрөөнийхөө тавагт наалдуулж, алс холын аянд явахдаа заавал авч явдаг ажээ.

Чийр олон настай өвслөг ургамал боловч амьдралдаа зөвхөн ганц удаа цэцэглэж үр, жимсээ бүрдүүлээд хагдардаг ажээ.

Гоёо: /ховор ургамал/

Говь, цөлийн элсэрхэг газруудад хармаг, бусад сөөг ургамлын үндэс дээр амьдардаг. Булган, Үенч, Алтай суманд, Манханы Тооройн элс, Дуутын булан, шанд, бөөрөг даган ургана.

Гоёо нь эмийн найрлаганд ордог. Бие нь улбар хүрэн ба хар бараан өнгөтэй, 5-30 см урт, 1-3 см голчтой, 10-20 см гонзгой махлаг зөөлөн иштэй.

Эр нь цэцэг дундаа бүдүүн утаслаг шилбэтэй, нэг дохиуртай, эм нь цэцэг дор үрэвчтэй. Ховор ургамлын жагсаалтанд 1995 онд оржээ.

 

Морин зээргэнэ /нэн ховор ургамал/

Алтай, Үенч, Булган голын сав дагуу тархжээ. Уул, дов толгодын хад, асга, чулуурхаг энгэр, сайр, саараг даган урсана.

Бүдүүн саарал өнгийн мушгирсан иштэй, дээрээ эгц боссон шулуун мөчиртэй, бөөрөнхий улаан жимстэй. Жилийн 4 улиралд мөнх ногооноороо байна. Эмийн түүхий эд болох тул хавар нүдлэх үеэр, эсвэл намар сөл татах үеэр түүнэ.

Хятад, Франц, Орос улсад тарималжуулж эмийн түүхий эд болгон хэрэглэдэг.

 

Чацаргана /ховордсон/

Чацаргана Булган, Эрдэнэбүрэн, Буянт, Зэрэг, Манхан сумын нутагт далайн түвшнээс 600-3000 метр өргөгдсөн чийг багатай газар ургана. Боловсорч гүйцсэн үедээ 8-9 мм бөмбөлөг хэлбэртэй, шар, улбар шар өнгөтэй. Чацарганы тос эмчилгээний ач холбогдлоор дэлхийд ховорт орно. Судас хатуурах, цус алдах, эмэгтэйчүүдийн олон өвчинд хэрэглэдэг. Байгалийн нөхцөлд эр, эмээрээ хослон ургана.

 

 

 

 

 

 

Вансэмбэрүү

Мөст, Зэрэг, Цэцэг, Дуут, Мөнххайрхан Манхан суманд далайн түвшнээс дээш 4160 метрийн өндөрт орших мөнх цаст уулын асга, нуранги дунд нөмөр нөөлөг, чийглэг хөрстэй газар ургадаг энэ цэцэг нь 70-90 см өндөр хамгийн том өвслөг ургамлуудын нэг юм.

Мөстлөгийн үеийн үлдэц, ховор ургамлын нэг учраас монгол орны улаан номонд бичигдсэн байдаг. Нутгийн ард түмэн Вансэмбэрүү цэцгийг өнө эртнээс дээдлэн шүтэж ирсэн уламжлалтай юм. Олон төрлийн өвчин анагаах шидтэй тул майхан, гэр барьж, ном судар уншиж, харанхуйд түүж авдаг заншилтай.

 

Цав цагаан бөлбөө

Монгол Улсын Улаан номонд бүртгэгдсэн нэн ховор ургамал. Их нууруудын хотгорын Хар-Ус нуур, Хар нуур, Чоно харайх голд цөөн хэсэг газар тохиолдоно. Ариун нандины бэлгэдэл азийн цагаан дагина хэмээн алдаршсан бөлбөө буюу бадамлянхуа цэцэг нь цав цагаан бөлбөө, дөрвөлсөн бөлбөө гэж хоёр янз байдаг.

2016 оны 06 сарын 15-ны байдлаар

Алтан тариа 1-р гурил:.1500 төг (кг)
Элсэн чихэр:...............  1900 төг (кг)
Цагаан будаа:..............  2200 төг (кг

Сүү:.............               ..   1300 төг )
Хонины мах ястай : ...  6500 төг (кг)
Үхрийн мах ястай:....... 6500 төг (кг)
Ямааны ястай мах:....   5500 төг (кг)

Ямааны ноолуур:          49000 төг (кг)
Бензин А-80:............... ..1510 төг )
Бензин А-92:............... ..1610 төг )
Дизель түлш:.............. .1550 төг )

ХАӨМС

ХАА

AANB

AANBRegistration

Мал тооллого

Мал тооллогын тайлангийн систем

NZY1

CPIuser

Улирлын мэдээ

AY1

AANB_TD