Статистикийн байгууллагын үүсэл, хөгжил


Монгол улсын статистикийн алба өнө эртний уламжлалтай бөгөөд бидний өвөг Хүннү нар мал сүргээ тоолж, мод хэрчин тэмдэглэж байсан тухай, хожим XIII зуунд хүчирхэг төр, улсыг байгуулан монголчууд хүн амаа тоолж, түүндээ үндэслэн албан татвар ногдуулж байсан тухай түүхийн баримт бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. 1921 оны ардын хувьсгал Монгол Улсын бүртгэл, статистикийн хөгжлийн түүхэнд шинэ үеийг нээж, улс ардын аж ахуйн бүртгэлийн ажил ялангуяа статистикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх бодит бололцоо, нөхцөлийг бүрдүүлсэн юм.

Дотоод яаманд бүртгэлийн хэлтэс байгуулсан тогтоол

Манай улсын 1924 оны анхдугаар үндсэн хуульд “Улсын аливаа тоо бүртгэх явдлыг тогтоох”-ыг хуульчлан өгсөн түүхэн эхлэлтэй бөгөөд Улсын анхдугаар Их Хурлын тогтоолд “Тус улсын бүх тоо бүртгэх явдал маш нарийн чухал болох тул одоо тоо бүртгэх хэлтэс байгуулж уг хэргийг эрхлүүлэн явуулбал зохино” гэж зааж, 1924 оны 11-р сарын 11-ний өдөр тэр үеийн Дотоод яамны бүтцэд Тоо бүртгэлийн хэлтсийг 6 орон тоотойгоор анх байгуулснаар статистикийн албаны үндэс суурь тавигдсан гэж үздэг.

1929 оноос Засгийн хорооны дэргэдэх Тоо бүртгэх хэлтэс болгон 12 орон тоотойгоор ажиллуулж эхэлсэн ба энэ хэлтэс нь тус улсын бүртгэл, статистикийн ажлыг удирдан зохион байгуулж, улс орныхоо эдийн засгийг цаашид удирдан явуулах бодлого боловсруулахад шаардлагатай бүртгэл, тоо мэдээллийн холбогдолтой баримт материалыг бэлтгэн боловсруулахад гол анхаарлаа чиглүүлж байв.

Хот, хөдөөгийн ардууд хийгээд албан байгууллагууд ба 
артелийн хогшил хөрөнгө бүртгэх заавар

 

МАХН-ын Төв Хорооны бүгд хурал 1940 оны 12-р сард хуралдаж “БНМАУ-ын ард нийтийн аж ахуйн 1941 оны төлөвлөгөөний тухай” асуудлыг  хэлэлцжээ. Ийнхүү 1941 оноос эхлэн нийгэм, эдийн засгийг жилийн төлөвлөгөөний үндсэн дээр хөгжүүлэх болсноор төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, дараагийн жилийн төлөвлөлтийн үндсийг боловсруулах зэрэгт шаардагдах мэдээллийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага гарч ирсэн бөгөөд 1941 оноос Засгийн хорооны дэргэдэх Тоо бүртгэх хэлтсийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Төлөвлөгөө, тоо бүртгэл, хянан шалгах газар болгон өөрчилсөн бөгөөд статистикийн албаны үйл ажиллагааг 1941 оноос БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Төлөвлөгөө, тоо бүртгэл, хянан шалгах газар; 1945 оноос Улсын төлөвлөгөөний комиссын Тоо бүртгэлийн тус тус эрхлэн гүйцэтгэж байлаа. Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 11-р сарын 23-ны өдрийн 106 тоот тогтоолоор БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Улсын төлөвлөгөөний комиссыг байгуулжээ.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1958 оны 4-р сарын 6-ны өдрийн тогтоолоор Улсын төлөвлөгөөний комиссын Тоо бүртгэлийн хэлтсийг БНМАУ-ын Төлөвлөгөөний комиссын дэргэдэх Улсын тоо бүртгэлийн газар болгон өргөтгөж, 3 хэлтэс, 2 тасагтай ажиллах бүтцийг баталжээ.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1960 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн зарлигаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Тоо бүртгэлийн улсын төв газрыг байгуулсан нь статистикийн алба үүссэнээсээ хойш 36 жилийн дараа ямар нэг яам, хорооны харъяанаас гарч Засгийн хорооны бие даасан байгууллага байх үндсийг тавьсан үйл явдал болжээ. Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 4-р сарын 13-ны өдрийн 183 дугаар тогтоолоор Тоо бүртгэлийн улсын төв хорооны бүтэц, орон тоог баталснаар, 10 хэлтэс, тасаг, аймаг, хотын 19 товчоо; сумын 389 байцаагчтай статистикийн бүхэл бүтэн цогц алба Монгол Улсын түүхэнд анх удаа бүрэлдэн тогтсон түүхтэй аж.

Аймгуудын түвшинд АДХ-ын гүйцэтгэх захиргаанд төлөвлөгөө, статистик хариуцсан орлогч даргыг ажиллуулах болсноор 1962 оноос  сумын захиргааны орлогч дарга нар тухайн сумандаа статистикийн ажлыг удирдан зохицуулдаг чиг үүрэг хүлээх болсон юм.

Тоо бүртгэл гэдэг үгийг олон улсын хэмжээнд хэрэглэдэг утга, үгээр нь статистик гэж нэрлэж занших шаардлагын үүднээс Сайд нарын зөвлөл 1964 оны 3-р сарын 6-нд “Тоо бүртгэлийн ажлыг сайжруулах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргаж “Тоо бүртгэлийн улсын төв газар” - ыг  “Статистикийн төв” газар, аймаг, хотын тоо бүртгэлийн товчоог “Статистикийн товчоо” гэж нэрлэхээр тогтоож, тэдгээрийн эрхийг өргөтгөн, статистикийн хууль боловсруулах, тоо бүртгэлийн ажлыг механикжуулах, анхан шатны бүртгэл нэвтрэлтийг мэргэжлийн удирдлагаар хангах, эмхтгэл хэвлэх, өрхийн төсвийн судалгаа явуулах зэрэг үүргийг Статистикийн төв газарт өгсөн. Уг тогтоолоор Тоо бүртгэлийн улсын төв хорооны нэрийг “Статистикийн” болгож өөрчилсөн нь нэг үг сольсон төдий асуудал биш бөгөөд “Тоо бүртгэлийн газар” нь зөвхөн тоо бүртгэл явуулдаг, нэгтгэн дүгнэдэг байгууллага мэтээр ойлгогдож байсныг олон улсын нийтлэг жишиг нэрээр нэрлэж, үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон билээ.   

Статистикийн өдөр тутмын үйл ажиллагааны зохицуулалтыг “Статистикийн тухай” анхны хууль гарах хүртэл Намын Төв Хороо, Сайд нарын зөвлөлийн тогтоолуудаар зохицуулдаг байсан байна.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Төлөвлөгөө ба тоо, бүртгэл, хянан шалгах ажлын дүрмийг 1940 оны 5-р сарын 31 өдөр хуралдсан Ардын сайд нарын зөвлөлийн 21-р хурал, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн мөн оны 6-р сарын 8 өдрийн 31 дүгээр хуралдаанаар тус тус хэлэлцэн баталж мөрдүүлжээ. Уг дүрэмд улс ардын аж ахуй, соёлын төлөвлөгөөний бүхий л гүйцэтгэл, биелэлтийг шалган хянах ажлыг Төлөвлөгөө, тоо бүртгэл, хянан шалгах газар эрхлэн явуулна гэж заажээ.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1958 оны 4-р сарын 6-ны өдрийн тогтоолоор Улсын тоо бүртгэлийн хорооны дүрмийг баталж, энэ дүрмэнд Улсын тоо бүртгэлийн газар нь улс ардын аж ахуйн хөгжилт, улсын жил ба хэтийн төлөвлөгөөний биелэлт,  түүний явц тус орны материаллаг нөөц, ашиглалтын байдал, аж ахуйн салбаруудын хөгжлийн харьцаа, тэдгээрийн төлөвлөгөөний биелэлтийг гаргаж, зохих дүн шинжилгээний хамт цаг тухайд нь Засгийн газарт илтгэж байх зорилготой улсын эдийн засаг, соёлын байгууллагын тоо бүртгэлийн ажлыг нэгтгэн удирдах улсын төв байгууллага мөн гэж заажээ.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1960 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн зарлигаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Тоо бүртгэлийн улсын төв хорооны дүрмийг ерөнхий зүйл, үндсэн үүрэг, гүйцэтгэх ажил, эрх гэсэн бүлэг, зүйлтэйгээр баталж, уг дүрэмд статистик, бүртгэлийн ажлыг шинжлэх ухааны үндэстэй төвлөрсөн удирдлага, нэгдмэл аргачлал, зохион байгуулалт, зарчмын үндсэн дээр ажлаа явуулна. Улс ардын аж ахуйн төлөвлөгөө, тоо бүртгэлийн талаар нам, засгаас гаргасан тогтоол шийдвэрүүдийг өөрийнхөө ажилд удирдлага болгож, улсын төлөвлөгөөний биелэлтэнд хяналт тавьж байна хэмээсэн байна.

МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны  “Улсын мэдээ тайланг буруу гаргаж, улсыг хуурч мэхлэх явдалтай хийх тэмцлийг хүчтэй болгох тухай” 31-р тогтоолд улсын төлөвлөгөөний биелэлт, мэдээ тайланг санаатай худал гаргах явдлыг цаг тухайд нь таслан тогтоож, тийм гэмт хэрэг үйлдэгчдэд хатуу арга хэмжээ авч байхыг заажээ. Мөн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1980 оны 12-р сарын 22-ны зарлигаар эрүүгийн хуульд улсын төлөвлөгөөний биелэлт, мэдээ тайланг санаатай худал гаргах явдалтай тэмцэх тухай нэмэлт оруулж байв.

Статистикийн байгууллагыг 1990 онд Улсын статистикийн газар нэртэйгээр дахин байгуулсан. Энэ үед нь Монгол улс ардчилсан, зах зээлийн харилцаанд шилжиж, парламентийн  засаглалтай, ардчилсан нийгмийн байгуулал төлөвшиж, өмчийн олон хэлбэрийн аж ахуйнууд бий болж, статистикийн мэдээллийг нэлэнхүй ажиглалтаар цуглуулж байсан үндсэн аргыг өөрчилж, түүвэр судалгаа, бусад аргуудыг өргөн хэрэглэх, улмаар олон улсын статистикийн нийтлэг зарчим аргазүйг нэвтрүүлэх шаардлага гарсан зэрэг шинэ нөхцөл бүрэлдэв.

2017 оны 04 сарын 13-ны байдлаар

Алтан тариа 1-р гурил:.1300 төг (кг)
Элсэн чихэр:...............  1900 төг (кг)
Цагаан будаа:..............  2200 төг (кг

Сүү:.............               ..   2000 төг )
Хонины мах ястай : ...  6000 төг (кг)
Үхрийн мах ястай:....... 6000 төг (кг)
Ямааны ястай мах:....   5000 төг (кг)

Ямааны ноолуур:          70000 төг (кг)
Бензин А-80:............... ..1710 төг )
Бензин А-92:............... ..1810 төг )
Дизель түлш:.............. .1850 төг )

ХАӨМС

ХАА

AANB

AANBRegistration

Мал тооллого

Мал тооллогын тайлангийн систем

NZY1

CPIuser

Улирлын мэдээ

AY1

AANB_TD